Байгаль хамгаалал

Хомын тал нь Монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм. Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 км2 талбай бүхий "байгалийн арал" юм. 

 

 

Амьтны аймаг

Хомын талд нийт 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдснээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэлтэй байна. Үүнд: Тахь (Equus ferus Przewalskii), Янгир (Capra sibirica), Хар сүүлт зээр (Gazella subgutturosa), Бөхөн (Saiga borealis), Цагаан зээр (Procapra gutturosa), Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes) зэрэг амьтад байна. Цоохор ирвэс (Panthera uncia) гүйдлээр тохиолддог.

Хомын талын арал мэт өвөрмөц тогтоц нь амьтдын хувьд аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтдын хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм. Жишээлбэл: Цагаан зээрийн тоо толгой, тархац нутаг нь эрс хумигдаж байсан 1980-аад онд 200 толгой цагаан зээрийг Монголын зүүн хэсгээс Хомын талруу тээвэрлэн аваачсан нь амжилттай нутагшиж, тоо толгой нь нэмэгдэж, тархац нутаг нь тэлж, Их нууруудын хотгороос Хангайн нурууны баруун хэсэг хүрч байна. 

Тахийг 2004 оноос Хомын талд сэргээн нутагшуулснаар тухайн бүс нутгийн зүйлийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал: Сүүлийн жилүүдэд тохиолдохоо болиод байсан ховор зүйл болох "Бөхөн" болон "Борцгор хотон" Хомын талд ахин тэмдэглэгдэх болсон юм. Түүнчлэн Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулах хашаа нь зэрлэг амьтдад таатай орчин болжээ. Завхан голын хөндийд 1000 гаруй га талбай бүхий чацарганы шугуй шинээр ургасан нь олон зүйл амьтдын хоргодох байр бий болж, амьдрах орчны нөхцөл сайжирснаар зэрлэг амьтны тоо толгой, зүйлийн баялаг жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Тахь (Equus ferus Przewalskii)

Янгир (Capra sibirica)

Бөхөн (Saiga borealis)

Цагаан зээр (Procapra gutturosa)

Дагуур огдой (Ochotona dauurica)

Дэлдэн зараа (Hemiechinus auritus)

Бозлог зурам (Spermophilus pallidicauda)

Цомч шишүүхэй (Allocricetulus curtatus)

Хомын талд 141 зүйлийн шувууд бүртгэгдээд байна.

Хомын тал нь шувуудын зүйлээр баялаг бөгөөд ус намгархаг газрын шувууд, махчин шувууд, тал хээрийн шувууд олонтой. Хар болон Дөргөн нуур, Багануур, Завхан гол, Тээл голууд нь ус намгархаг газрын шувуудын хувьд гол түшиц нутаг болдог. Багануур нь 2005 онд Шувуудад чухал газар (ШЧГ)-аар бүртгэгдсэн бол Хар болон Дөргөн нуур нь Олон Улсын Ус Намгархаг Газар (РАМСАР)-ын жагсаалтад орсон. 

Хомын тал орчимд тэмдэглэгдсэн 141 зүйл шувуудын 45 зүйл нь Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооноос гаргасан Улаан Дансны үнэлгээрээр олон улсад болон бүс нутгийн хувьд ховордлын зэрэглэл (CR, EN, VU, NT) өндөр хэмээн тооцогдож байна. 

Хээрийн галуу (Anser indicus)

Тураг гогой (Phalacrocorax carbo)

Хотны бүгээхэй (Athene noctua)

Эгэл хилэнжигүүр

Хээрийн бүргэд (Aquila nipalensis)

Борцгор хотон (Pelicanus crispus)

Цагаан халбагант (Platalea leucorodia)

Нөмрөг тас (Aegypius monachus)

Ургамлын аймаг

Хомын талын хээрийн бүст буюу нийт газар нутгийн 88.86%-д 6 өөр төрлийн (сайр, хиагт-элсэрхэг хээр, уулсын бэл, бударганат хээр, хад асга) хуурайсаг хэв шинжийн ургамлын бүлгэмдэл зонхилдог. Хар сулийн бүлгэмдэл нь хамгийн их талбайг эзэлдэг бөгөөд үлдсэн 5 хэв шинж нь Хялгана зонхилсон хэв шинжүүд юм. 

Харин үлдсэн 11.14%-ийг нь чийгсэг хэв шинжийн ургамлын бүлгэмдэл (зэгст, голын чийглэг нуга, дэрст элсэрхэг хээр) бүрхэх бөгөөд эдгээр нь ус намгархаг газрууд, нуурын эрэг орчмоор тархсан байна.

Хээрийн бүлгэмдэлд Сайрын хялгана зонхилдог бол Говийн хялгана нь Сээрийн нурууны зүүн хэсгийн цөлөрхөг хээрийн бүлгэмдэлд давамгайлах бөгөөд эдгээр хоёр зүйлүүдийн аль аль нь тэжээллэг чанар өндөртэй тул ХТБЦГ-ын туруутан амьтад болон тахийн хувьд үнэ цэнэтэй тэжээл юм. ХТБЦГ-т нийт 134 зүйл ургамал бүртгэгдээд байна.

Ургамлын бүлгэмдлүүд

    1. Цөлжүү хээр (давамгайлагч зүйлүүд: Anabasis brevifolia, Reaumura soongorica)
    2. Бударгана, Шарилжит хээр (R. soongorica, Artemisia klementzae)
    3. Хялганат элсэрхэг хээр (Stipa glareosa, Artemisia klementzae, A. xerophytica)
    4. Сульт элсэрхэг хээр (Psammochloa villosa – Artemisia klementzae)
    5. Уулын хээр (Caragana leucophlea, Eurotia ceratoides, Stipa glareosa)
    6. Хад асгат уулын бүлгэмдэл
    7. Сульт элсэрхэг хээр: (Elymus paboanus, P. Sibiricum)
    8. Голын татам: (Calamagrostis epigeos, Carex duriuscula)
    9. Шагшуургат татам (Phragmites communis)

Чацаргана (Hippophae rhamnoides)

Монгол хунчир (Astragalus mongolicus)

Манан хамхаг (Bassia dasiphylla)

Хуурайсаг шарилж (Artemisia xerophytica)

Хар суль (Psammochloa villosa)

Монгол тарваган шийр (Thermopsis mongolica)

Хөмүүл (Allium mongolicum)

Цагаалин цахилдаг (Iris lactea)

Ландшафт

ХТБЦГ нь ус намгархаг газар, элсэн манхан, өндөр болон нам уулс, уулын хээр, цөлөрхөг хээр болон татмын ой зэрэг ландшафтын гайхалтай зохицлыг агуулдаг. Ерөнхийдөө урдаас хойшоо жигд уналттай тэгш талд хамаарна. 

ХТБЦГ-ын Завхан голын ар хэсэгт Бууралын нуруу ноён оргил нь Их буурал 2346м, урд хэсэгт Сээрийн нуруу ноён оргил Дөрвөлжин уул 1703м өндөршилтэй байх бөгөөд уулс хоорондын тал хөндий цайдам, элсэн тамарамцгууд дийлэнх газар нутгийг эзэлнэ. Тус БЦГ нь газрын дундаж өндөршилөөрөө далайн түвшнээс дээш 1250м өргөгдсөн харьцангуй нам дор газар юм. Хомын талыг Монгол элсний Хомын элс, Сулин адаг элс, Ар загийн элс зэрэг томоохон элсэн тарамцгууд хүрээлэхээс гадна Завхан гол, Тээлийн гол, Хар нуур, Дөргөн нуур, Багануур зэрэг нам дор газрын ус намгархаг газрын ландшафт багагүй талбайг эзэлнэ. 

Хомын талын БЦГ-ын өмнөд хэсгээр үргэлжилсэн Монгол элсний нуруу нь Хомын талыг цөлөрхөг шинжтэй болгодог.

Нам уулс

Татмын ой

Уулын хээр

Бударганат цөлжүү хээр

Хар сульт цөлөрхөг хээр

Ус намгархаг орчин

Цөлөрхөг хээр

Элсэн манхан

Бидний ажилтай танилцана уу

Тахь сэргээн нутагшуулалт
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих
Судалгааны хөтөлбөр
Хомын талын БЦГ-ын менежмент
Үр дүн